Б.Гантулга: Компаниуд зөвхөн дотоодын бус, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц том байх шаардлагатай

Б.Гантулга: Компаниуд зөвхөн дотоодын бус, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц том байх шаардлагатай

“Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулгатай ярилцлаа.

-Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж олон хүн ярьдаг. Үүнд юу саад болж байна вэ?

-Манай улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ялгаатай байдаг. Ингэхдээ компанийн хэмжээгээр нь ялгасан байгаа юм. Жилийн 3 тэрбум төгрөгөөс дээш ашигтай компани 25 хувийн татвар төлж байгаа. Энэ нь Монгол Улсад компаниудын хувийн хэвшил өсөх, хөгжих, нэгдэхэд томоохон саад болдог зүйл. Судалгаанаас үзэхэд Монгол Улс идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 40,000 аж ахуйн нэгжтэй гэсэн тооцоо бий. Гэтэл тэдгээрийн 90 хувь нь 10-аас цөөн ажилтантай жижиг компаниуд. Эндээс харахад хувийн хэвшил, компаниуд өөрсдөө туйлын хэврэг байгаа нь харагдаж байгаа. Төсөв бүрдүүлэхэд гол хувь нэмэр оруулдаг, томрох гэсэн компаниуд нь эргээд татварын дарамтанд орчихдог. Тэгэхээр энэ олон жижиг компаниуд үйлдвэрлэл явуулна гэхээрээ тус тусдаа нэг жижиг цехын хэмжээнд л үйл ажиллагаа явуулаад эхэлдэг тэр нь дотоодын зах зээлээ булаацалдан, дотроо бие биенээ шахаад, түлхэлцээд эхэлдэг. Тийм хэмжээнд үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргана гэхээр адаглаад л ойрын Орос, Хятадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар нь хаанаа ч хүрдэггүй. Улс өөрөө үйлдвэрлэл, экспорт хүсэж байгаа бол том, жижиг гэж татварын ялгаа тогтоохоо болих хэрэгтэй. Одооноос компаниудыг олон болгох биш харин одоо байгаа компаниудаа өсгөх, хүчирхэгжүүлэх тэр талыг нь дэмжих бодлого барих нь зөв.

-Манай улсын экспортын 90 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байгаа. Иймээс эдийн засгаа солонгоруулах нь чухал гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү. Эсвэл олон гэхээс илүүтэйгээр хөдөө аж ахуй гэдэг ч юм уу цөөн салбараа онцгойлон хөгжүүлэх нь зөв гэж бодож байна уу?

-Товчохондоо хэлэхэд хэт их солонгоруулах шаардлага байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын эхээр Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Бизнесийнхэн бензин үйлдвэрлэмээр байна, нүүрснээс шингэн түлш, сүүнээс химийн бодис гаргаж авъя гэх зэргээр олон төслийн санаа гаргаж байсан л даа. Энэ олон салбарт ажиллах нарийн мэргэжлийн за дан ганц нарийн ч гэлтгүй боловсон хүчин манайд хангалтгүй байдаг. Тус бүртээ 10 ажилтантай жижиг үйлдвэрлэгч компаниуд бий болсныг эдийн засгаа солонгоруулж, тэр хэрээр үйлдвэрлэгчидтэй болж байгаа гэвэл эндүүрэл.

Улсын хэмжээнд хөгжүүлэх ёстой тодорхой салбарууд байх ёстой. Үйлдвэржилт гэж анхаарч байгаа бол эцсийн хэрэглэгч нь шууд хэрэглэх бүтээгдэхүүнийг л хийх талаар ярилцмаар байна. Зөвхөн дотоодод биш, дэлхийн зах зээлд зориулсан бүтээгдэхүүнийг гаргамаар байгаа. 20 жижиг үйлдвэр нэг салбарт үйл ажиллагаа явуулж дотороо өрсөлдөхийн оронд 4-5 томоохон компаниуд болж нийлэх хэрэгтэй, ингэхдээ хөрөнгөө хувьцаа хэлбэрээр нийлүүлээд байгуулдаг, тэрийг нь төр дэмжэггүй юм аа гэхэд татварын бодлогоороо саад болдоггүй л байх хэрэгтэй. Одоо бол улс ч тэр бизнес эрхлэгчид ч тэр хэт олон жижиг зүйл дээр “савчиж” асар их хөрөнгийг үр ашиггүй зарж байна. Үр дүнгээ өгч буй нь бий ч улсын хэмжээндээ харвал алдаж буй цаг хугацаа, хөрөнгө мөнгө нь үр дүнтэй нь харьцуулбал чамлахаар байгаа. Тиймээс бид өөрсдийгөө тодорхой зүйлд чиглүүлэх нэгтгэх шаардлага үүсээд байгаа нь харагдаж байна.

-Тусдаа үйл ажиллагаа явуулдаг, цөөн ажилтантай жижиг компаниуд нэгдэх боломжтой гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Нэг бол нэгдээд, үгүй бол хамгийн сайн үйлдвэрлэж байгаа нь ашиг орлогоо олж томроод, бусад нь зах зээлийнхээ жамаар шахагдаад гарах нь зүйтэй болов уу. Аливаа салбарт олон компани үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөнтэй байж хөгжиж дэвжинэ. Гэхдээ энэ олон гэдгийг зөв ойлгох хэрэгтэй 2-3 компани дундаас ч чанартай сайн хөгжил дагуулсан өрсөлдөөн гарна шүү дээ. Компаниуд зөвхөн дотоодын бус, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц том байх шаардлагатай.

Монголын топ 100 компани гэж шалгаруулдаг. Тэднийг нөгөө 39,900 нь монополь, олигархиудын компани гэж нэрлэдэг. Гэтэл тэр манай улсад том гээд байгаа 100 компани нь Хятад, Оросын зах зээлд гарвал “жижигдэнэ”. Жишээлбэл, манай компани сүү үйлдвэрлэлээр Монгол улсад тэргүүлдэг. Улаанбаатарчуудын сүүний хэрэглээний 75 хувийг дангаар хангаж байгаа. Дотооддоо үйлдвэрлэлээрээ ийм өндөр түвшинд байгаа ч Оросын зах зээлд гарах гэхээр хэн ч биш болчихдог. ОХУ-д бүтээгдэхүүн нийлүүлье гэхэд тэдний нэг сард худалдан авах бүтээгдэхүүнийг бид зургаан сарын хугацаанд үйлдвэрлэнэ. Одоогийн малчид фермерүүдийн өгч чадаж байгаа сүүнийх нь хэмжээ нь өөрөө хүрдэггүй. Хэмжээний хувьд иймэрхүү зөрүүтэй байгаа нь тэр компаниудтай нэг түвшинд хэлэлцээр хийж, хамтран ажиллахад бэрх болж байгаа юм. Тэгэхээр өрсөлдөнө гэдэг нь бүүр дараагийн асуудал болж байгаа биз? Гэтэл манай салбарт байгаа бусад үйлдвэр, компаниуд яах вэ?

 

Компаниуд нэгдэх, хамтраад бүтээгдэхүүн экспортлох хэмжээнд томрох нь зүйтэй гэж ярьдаг хүмүүс бий. Гэхдээ хоёр компани нэгдээд үйл ажиллагаа, ашгийн хэмжээ нэмэгдээд ирэхээр 25 хувийн татвар төлнө гэвэл боломжгүй. Нэгдэхэд нь дэмжихгүй юм гэхэд татвараар “саад” болохгүй байх ёстой.  Компаниудыг томроход татварын бодлогоор дэмжвэл жижиг компаниудад нэгдэх сэдэл төрөх эхлэл болно. Одоо бол нэгдэх сэдэл нь байхгүй болохоор нэгдэж, хамтрах дээд хувилбар нь холбоо, ТББ-аар хязгаарлагдаад байгаа юм.

-Таныхаар татварын ямар зохицуулалт байж үйлдвэрлэгчдийг өсч, хөгжихөд түлхэц болох вэ?

Миний бодлоор төр засаг үйлдвэрлэл хөгжүүлэхэд татварын зохицуулалтаар л оролцох нь зүйтэй. Жижиг, томоос нь хамаарч татвараа өөр тогтоодог бус харин үйл ажиллагааны төрөл, чиглэлээр нь тогтоох нь илүү зөв. Одоогоор бизнес эрхлэгч нарт хамгийн амар хөрөнгөө өсгөх, ашиг олох боломжтой салбар бол гадаад худалдаа байна. Энэ нь эдийн засгийн хэмжээг өсгөөд л байгаа болохоос үүнээс Монгол улсад үлдэх хөгжил гэж үгүй. Ер нь бол удаан хугацаанд огт өөрчлөгдөөгүй  импортын татварын 5%-ийг багахан хэмжээгээр нэмэгдүүлэхэд нэг асуудал байхгүй гэж боддог. Харин эсэргээрээ үйлдвэрлэл эрхэлдэг, эскпортонд бүтээгдэхүүн гаргаж байгаа байгууллагуудын татварт дэмжих заалтууд оруулах хэрэгтэй. Мэдээж үүнтэй зэрэгцээд миний өмнө дурьдсан байгуулагуудыг хэмжээгээр нь хязгаарладаг, барьдаг татварын бодлого нь арилах хэрэгтэй. Одоо бол 40,000 компаниудаас нийтлэг зураглал бол томрох сонирхолгүй 10 орчим ажилтантай гадаад худалдаагаар үйл ажиллагаа явуулдаг тус тусдаа Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлангуудтай жижиг компаниуд л харагдаж байгаа.

Төр үйлдвэрлэгчдэд тусалж дэмжье, зохицуулъя гэхээрээ бизнесрүүгээ хэт гүнзгий хутгалдаад орчихдог. Их гоё төсөл хөтөлбөр санаачлаад, гаргаад ирдэг ч яг хэрэгжүүлэлт дээр нь дунд болон доод шатны төрийн албан хаагч, дарга нар танил талын компаниа дэмжээд тухайн салбарын тэнцвэрийг алдагдуулдаг, цэвэр зах зээлийн өрсөлдөөнгүй болгодог. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн олон арван жил ажиллаж бий болгосон зүйлийг нь үгүй хийгээд эхэлдэг.

-Үйл ажиллагаанаас нь хамаарч хэрхэн зохицуулах нь зохистой вэ?

-Үйлдвэрлэл гэхээр бүгдийг хамруулж, татварыг нь хөнгөл гэж байгаа юм биш л дээ. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, экспортонд бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудын татвар бага байя. Жишээлбэл, ноолууран бүтээгдэхүүн дээр ноолуурыг түүхийгээр болон хагас боловсруулсан нь орохгүй, харин бэлэн бүтээгдэхүүн болоод гарч байгааг нь ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргаж байгаа бол татвар нь арай өөр байх зохицуулалт хэрэгтэй. Түүхийгээр нь гаргаж байгаа тохиолдолд татвар нь бүр өндөр байдаг ч юм уу.

-Гадаад худалдаа эрхэлдэг компани олон байх нь Монгол улсын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Нийтлэг хандлагыг харахад долларын ханшийн өсөлтөд Засгийн газар, Монгол банкийг их буруутгаад байдаг гэтэл зах зээл дээрх валютын эрэлтийг бизнес эрхлэгчид тэр дотроо гадаад худалдааны компаниуд өөрсдөө л бий болгож байгаа. Хувь хүмүүсийн ам.долларын хэрэгцээ тийм ч өндөр биш шүү дээ. Гэхдээ гадаад худалдаа муу, бүх зүйлийг дотооддоо хийх юм байна гэж битгий туйлширч ойлгоорой. Миний өмнө хэлсэнчлэн чадах зүйлээ өөрсдөө хийцгээе, харин бусад сайн чадаад байгаа Дэлхий нийт нь хүлээн зөвшөөрчихсөн зүйлийг бол оруулаад ирэхэд асуудал байхгүй. Үйлдвэрлэж, хийж чадах салбаруудаа зөв тодорхойлоод л авах хэрэгтэй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэлэлцэж байгаа. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Дэмжиж байгаа. Ийм хууль хэрэгтэй юү, үгүй юү гэсэн санал асуулга саяхан МҮХАҮТ дээр явагдсан. Найман жилийн өмнө Татварын өршөөлийн хууль батлахад нийт компанийн хоёр хувь л хамрагдсан байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталбал үйл ажиллагаа явуулснаасаа хойш үнэнчээр ажиллаж буй компаниуд хохирно гэдэг асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ хууль батлагдахгүй бол улс цаашдаа ч хохироод, далд эдийн засаг энэ хэвээрээ л явна гэсэн үг. Энэ нь эдийн засагт муу нөлөөтэй. Ийм хуулийг Европ юм уу, Америкт 100, эсвэл 200 жилд нэг л удаа баталдаг юм байна л даа. Харин манайд найман жилийн дараа дахин батлах гэж байна хэмээн зарим хүмүүс эсэргүүцэж байгаа. Гэхдээ 2007 онд хуулийг хангалттай хэмжээнд сурталчилж таниулаагүй, дээрээс нь бизнес эрхлэгчид өөрсдөө бүрэн ойлгоогүй, хуульд итгээгүйгээс хуулийн хэрэгжилт хангалттай хэмжээнд үр дүнгээ өгөөгүй. Үүнийг хоёр хувийн үр дүнгээс харж болно. Тухайн үедээ Татварын өршөөлийн хуулийн давуу талыг ойлголгүй хамрагдаж чадаагүй асар олон ААН-үүд одоог хүртэл хоёр тайлантайгаа явсаар байна. Компаниуд нэг тайлантай болоод татвараа үнэнчээр төлж эхэлбэл энэ жил болоод ирээдүй алсдаа эдийн засагт том эерэг нөлөөг авчирна.