“Макс-Агро” фермийн нээлттэй зэрэгцэн “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүний үнэ хямдарлаа

Гэрэлтэй мэдээ дуулгах нэгэн аялалд өнгөрсөн бямба гаригт бид нэгдлээ. Юу гэвээс, монголчууд арваад жилийн өмнө импортын сүү ууж, түүнийгээ “Шар сүү” хэмээн нэрийдэж, хуурай сүүний амтыг илүү сайн мэддэг болж байсан бол өнөөдөр бид хуурай сүү гэх ойлголтыг мартаж, жилийн аль ч улиралд шингэн, ариутгасан сүүгээ хэрэглэх боломжтой болжээ. Энэ боломжийг “Сүү” ХК-ийнхан нийслэлчүүдэд олгож буй юм. Тус компанийнхан “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийнхээ нээлтийг хоёрдугаар сарын 7-нд хийлээ. Манай хөдөө аж ахуйн салбарт, махны үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байдаг ч сүү, үржлийн чиглэлийн цогцолбор ферм сүүлийн 20 жилд байгуулагдаагүй байсан юм. Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн байгуулж байгаа энэ цогцолбор фермийн үйл ажиллагааний үр шимээр ферм өнөөдрийн байдлаар хоногтоо 6-7 тонн сүү үйлдвэрт нийлүүлж байгаа бол сүүний гарц нь тогтворжоод ирэхээр хоногтоо 14 орчим тонн сүү өгдөг болох юм. Ингээд тооцоод үзэхээр Сүү компани нийслэлчүүдийн шингэн сүүний хэрэглээг өвөл зуны турш бүрэн хангах боломжтой болж буй юм. Аяллын эхэнд гэгээтэй мэдээллийг хэдийнэ хүлээн авсан байсан учраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийг зорьж явахдаа ч баяртай байв. Сүүн зам татуулсан энэ аялалд УИХ-ын дарга З.Энхболд, ХХАА-н сайд Р.Бурмаа болон “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд нар нэгдсэн байлаа. Энэ фермийг Чингис Бондын санхүүжилтээр байгуулжээ. Ашигтай, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулж, үндэсний үйлдвэрлэгчдэд технологи, арга барилаа шинэчлэн иргэдээ эрүүл, аюулгүй сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах боломж олгосон нь сайшаалтай. “Сүү” ХК-ийнхан 2500 гаруй малчны хотноос сүүгээ нэг бүрчлэн очиж авч, олон шат дамжлага дамжин, илүү өндөр зардалтайгаар бүтээгдэхүүнээ бий болгодог. Харин энэхүү ферм ашиглалтанд орсноор их хэмжээний, өндөр чанартай сүүг үйлдвэртээ нийлүүлж байгаа юм. Ингэснээр шат дамжлага алгасан, зардал хэмнэж байгаа учраас тус компанийнхан морин жилийн төгсгөл, хонин жилийн эхлэл дээр буюу хоёрдугаар сарын 4-өөс бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулж, 500 гр-ын савлагаатай элекстер сүүг 750, шинэ сүүг 2000 төгрөгөөр худалдаалах болжээ. Энэ хямдрал сүүн бүтээгдэхүүнд ч нөлөөлж, хорхой ааруулаа 1кг-ыг нь 9000 төгрөгөөр борлуулахаар болсон байна.  Зах, худалдааны төвүүдэд худалдаж буй ааруул 10-12 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин олон улсын чанарын удирдлагын тогтолцоогоор баталгаажсан, эрүүл, аюулгүй, үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг иргэд илүү хямд авах боломжтой болсон нь нэгэн давуу тал юм. Сар шинийн баярын үеэр сүү, цагаан идээний эрэлт нэмэгдэж, энэ хэрээр наймаачид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг бол “Сүү” ХК-ийнхан хямдруулж бэлэг барилаа. Экспортыг дэмжин, импортыг орлох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  “Чингис” бондын хөрөнгөөс 888 төслийг шалгаруулан санхүүжүүлж буй.  Тэгвэл нүдээ олсон төсөл хэдийнэ хэрэгжин, биеллээ олж, хэрэглэгчдэдээ бүтээгдхүүнээ хямд үнээр хүргэж эхэлсэн нь энэ. “Макс Агро” фермд Голштейн үүлдэрийн үнээг нутагшуулаад байгаа бөгөөд эдгээр үнээ нь саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг аж. Үнээнүүд нь Монголд ирэхдээ хээлтэй ирсэн учраас энэ фермд хэдийнэ нялх төлийн дуу цангинаж 250 гаруй тугалаар бүл нэмжээ. Энэ жил нийт 300 төл хүлэн авах бөгөөд тавдугаар сар гэхэд хоногтоо нэг үнээнээс 25-30 литр сүү авах  гэнэ. Тэр ч бүү хэл 2017 онд энэ ферм 1200 саалийн үнээтэй болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Ферм нь дэргэдээ 700 гаруй га тариалангийн талбайтай бөгөөд эндээ малынхаа хэрэгцээт дарш, ногоон тэжээлийг бэлтгэн үйлдвэрлэдэг аж. Мөн хөрсний үржил шимийг тогтвортой байлгах, био бордоо үйлдвэрлэх, улмаар байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд анхааран ажилладаг юм байна. Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийн нээлтэд оролцсон ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын хэмжээнд 1500 гаруй ферм ажиллаж байгаа ч том хэмжээнийх нь цөөхөн байгаа. Чингис бондоос санхүүжүүлсэн хэд хэдэн том фермийн төсөл бий. Нийт хөрөнгө оруулалтынхаа гуравны нэгийг Чингис бондоос авсан сүүний фермүүд ар араасаа нээлтээ хийж байна. Сүү бол стратегийн хүнс тул дотооддоо аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Энэ утгаараа хуурай сүү оруулж ирэхийг багасгах, дотоодынхоо хэрэглэгчдийг шингэн сүүгээр 100 хувь  хангах бодлого баримтлах ёстой” гэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Чингис бондоос 27 фермерийг санхүүжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар долоо дахь үйлдвэр нь нээлтээ хийж байна. Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганаар “Чингис бондын хөрөнгөөр юу хийж байна вэ?” гэж зарим гишүүн асуусан тул би зориуд энэ  фермийг үзэх гэж ирсэн. Хүнсний аюулгүй байдал,  импортыг орлох талаасаа зөв ажил болжээ. Үр дүнг нь та бид харж байна. Орчин үеийн стандартаар нэг үнээнээс өдөртөө 30 литр сүү авдаг ферм байгуулсан байна. Чингис бондыг үйлдвэрлэгчдэд зориулсан зорилго нь бага хүүтэй зээлээр дотоодын үйлдвэрлэлээ сэргээх  байсан” хэмээв. Хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун байгаа “Макс” Групп, “Сүү” ХК-ийнханд талархал илэрхийлмээр санагдсаныг нуух юун. Нээлтийн үеэр тус группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Монгол Улс 60-аад сая малтай хэрнээ импортын сүү ууж байсан нь харамсалтай. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид энэ урсгалыг тасалж чадсан. Харин цаашдаа сүү экспортлох гарц бий боллоо. “Сүү”ХК-ийн 1200 үнээтэй ферм нээгдсэнээр буянт малынхаа сүүгээр ард түмнээ бүрэн хангах боломжтой боллоо” хэмээн ярьсан юм.

Дүгнэж хэлэхэд: Улс орон үндэсний үйлдвэрлэлтэй байх нь эдийн засгийн ямар их үр ашигтай болохыг энэхүү үнээний фермийн нээлт нь харуулж чадсан юм. Учир нь эдийн засаг хямарч, валютын ханш чангарсан өнөө үед “Сүү” ХК нь хямралд өртөхгүйгээр, валютын өсөлттэй ямар ч хамааралгүйгээр эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж, хэрэглэгчдийнхээ эрэлтийг бүрэн хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгээ харуулж чадлаа. Цаашдаа “Сүү” ХК-ийн үйлдвэрлэж байгаа эцсийн бүтээгдэхүүн нь экспортыг нэмэгдүүлж, дотогшоо чиглэх валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой юм гэдгийг фермийн нээлтэнд оролцсон салбар салбарын төлөөллүүд дүгнэж байсан юм.