Ургах нартай уралдан ажилладаг бүсгүй

Сүү ХК-ийн Сүү бэлтгэлийн албаны лаборант Ч.Төгсчимэг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдгээ гардан авлаа. Наадмын өмнөхөн төр засгийн шагнал хүртсэн манай олон ажилтны нэг нь Ч.Төгсчимэг. Гэвч тэрээр орон нутагт томилолтоор ажиллаж байсан тул ийнхүү оройтож шагналаа гардан авсан юм. Тэрээр 2004 онд Хүнсний технологийн дээд сургууль төгссөнөөсөө хойш Сүү ХК-д тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж, өглөө бүрийн ургах нартай уралдан малчдын хотыг зорьж, шинэхэн, чанартай сүүгээр монголынхоо ард түмнийг хангах эрхэм үйлсэд хүчин зүтгэж явна.

Сүү ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох сүүг бэлтгэн нийлүүлэгч 2500 гаруй малчидтай хамгийн ойроос тулж ажилладаг хүмүүс бол сүү бэлтгэлийн лаборант, жолооч нар. Өвлийн хүйтэн, зуны халуун, цас зуд, шавар шалбаагийг үл ажран жилийн 4 улирал айл бүрийн хотноос халуунаараа байгаа шив шинэхэн сүү татан авч, үйлдвэр ба малчдыг холбодог эдгээр хүмүүс маань ээлжийн амралтаас гадна цагаан сар ба наадмын 3-хан хоног л амардаг гээд бодохоор ямархан их ажилтай байдаг нь тодорхой.  

“Сүү хүлээн авагч лаборантууд бид түүхий сүүний исгэлэн, нягтрал, бохирдол зэргийг шалган, анхан шатны шинжилгээ хийсний үндсэн дээр чанарын шаардлага хангасан эсэхийг шалгаж сүүгээ хүлээн авдаг. Бид зөвхөн малчдаас сүү татан аваад зогсохгүй тэдэнд цаг агаар, юмны үнэ ханш зэрэг сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэж, санал хүсэлтийг нь сонсохоос авахуулаад байнгын л эргэх холбоотой ажилладаг. Олон түмнийг өдөр бүр сүү цагаан идээгээр хангах ариун үйлсэд хүчин зүтгэдгээрээ би бахархдаг. Мөн үнээнийх нь зэлнээс өглөө саасан сүүг нь ирээд тогтмол авч байна гэдэг малчдад ч тустай, буянтай ажил гэж боддог. Би одоогоор Гүнтийн чиглэлд сүү татан авч байна. Компанийнхаа сүү татан авдаг бүх л цэгүүдэд ажиллаж байсан. Зарим үед замдаа машин эвдэрч саатах, цасанд болон шаварт суух зэрэг тохиолдол тулгарахад сүүгээ шинэхнээр нь хүргэхийн тулд жолоочтойгоо хоёулаа л сандраад хүрз бариад ухах үе ч бий. Гэвч энэ бүхэнд шантрахгүй, ажлаа улам сайн хийнэ гэсэн итгэлээр л жигүүрлэдэг дээ” хэмээн Ч.Төгсчимэг маань хуучиллаа. 

Манай компанийн лаборант, жолооч нар өдөртөө ирж очихын 150-400 км замыг туулж, 5-10 тонн сүү татан авдаг гэж тооцвол жилд 1,635,000 тонн, ажилласан 12 жилдээ 19,620,000 тонн сүүг үйлдвэртээ буюу хэрэглэгч түмэндээ тэрээр нийлүүлжээ. Мөн өдөрт дунджаар 250 км замыг туулдаг гэвэл 1 жилд 81,750 км, 12 жилд 981,000 км замыг туулан, сүүн зам татуулсан байх юм.

Ургах нартай уралдан ажилладаг бүсгүйдээ ард түмнээ ариун цагаан сүүгээр хангах арвин их үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.