Сүү ХК “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг дэмжин оролцов

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 6-р сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор Цусны донорын дэлхийн өдөр болгон 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сүү ХК 2014 оноос хойш Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагааг дэмжин “Та хүний амь аврахад заавал эмч байх албагүй. Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” уриалгыг дэвшүүлж, “Миний монголын сүү”-нийхээ савлагаагаар дамжуулан “Цусаа өгч донор болцгооё” уриаг олон нийтэд хүргэсэн. Мөн Сүү ХК-ийн ажилчид сайн дурын доноруудын эгнээнд элсэн цусаа хандивлах, цусны доноруудад сүү бэлэглэх зэргээр олон арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Энэ жилийн “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн хүрээнд ч мөн Сүү ХК-иас ахмад донорууддаа сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ дээжээр бэлэг барьж, үйл ажиллагааг дэмжин оролцсон бөгөөд уг арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс Сүү ХК-д “Шилдэг хамтран ажиллагч байгууллага” өргөмжлөл гардууллаа.
Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе!